Таны IP : 54.166.26.233

ЮНЕСКО-гийн зөвлөмж




Нэг. НҮБ-ЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН,

СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА

(ЮНЕСКО)

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН БАГШЛАХ БОЛОВСОН

 ХҮЧНИЙ СТАТУСЫН ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

1997 оны аравдугаар сарын 21-нээс

арваннэгдүгээр сарын 12-нд хуралдсан

ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын 29 дүгээр

чуулганаас батлав

 

Парис хот

 

Оршил

       НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын (ЮНЕСКО) Ерөнхий Бага Хурал нь 1997 оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 12-нд Парис хотноо 29 дэх удаагаа чуулахдаа:

Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглалын 26 дугаар Бүлгийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс улс орнууд дээд боловсрол олгох талаар онцгой хариуцлагатайг ухамсарлан,

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын /1966/ 13 дугаар Бүлгийн /2б/ заалтыг хэрэгжүүлэх үүднээс улс орнууд дээд боловсрол олгох талаар онцгой хариуцлагатайг дахин сануулж,

Дээд боловсрол болон судалгаа шинжилгээ нь эрдэм мэдлэгийг олж, арвижуулан дээдлүүлж, өвлүүлэх зэмсэг мөн хийгээд соёл, шинжлэх ухааны зүйрлэшгүй үнэт өв хөрөнгийг бүрдүүлэгч болохыг ухамсарлан,

Засгийн газрууд, улмаар оюутан сурагчид, аж үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөлмөрчид зэрэг нийгмийн томоохон бүлгүүд дээд боловсролын системийг хөгжүүлэх хийгээд түүний үйлчилгээ, үр дүнгийнх нь ашиг тусыг хүртэхийг чин ёсоор сонирхож байдгийг мөн нэгэн адил ухамсарлан,

Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний зүгээс дээд боловсролыг төгөлдөржүүлэхэд гүйцэтгэх шийдвэрлэх үүргийг хийгээд хүмүүн төрөлхтний болон орчин цагийн нийгмийн хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг хүлээн зөвшөөрч,

Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь нийт иргэдийн нэгэн адилаар нийт ард олны соёл, эдийн засаг, нийгэм, иргэний болон улс төрийн эрхийг нийгэм дахинаа ханган биелүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг зорих ёстой гэдэгт итгэн,

Нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийн нөхцөлд зохицуулан дээд боловсролыг шинэчлэх, тэрхүү шинэчлэлийн үйл хэрэгт их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин оролцохын чухлыг анхаарч,

Эрдэм оюуны эрх чөлөөг бусниулж болох улс төрийн даралт шахалт нүүрлэх нөхцөлд эрдэм оюуны хүрээнийхэн өртөхүйц эмзэг байдагт нь сэтгэл зовинон буйгаа илэрхийлэн,

Гагцхүү эрдэм оюуны эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагуудын бие даасан байдал оршин буй нөхцөлд л сурч боловсрох, сурган хүмүүжүүлэх болон судалгаа шинжилгээ хийх эрх чөлөө бүрэн хангагдана гэдгийг, цаашилбал нээлт, таамаглал, санал бодлыг чөлөөтэй түгээн дэлгэрүүлэх нь дээд боловсролын уг сурвалж болж, эрдмийн болон судалгаа, шинжилгээний ажлын тод томруун хийгээд бодитой байхын найдвартай хийгээд баталгааг хангаж өгөх болно гэдгийн анхаарч,

Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчинд тэдгээрийн гүйцэтгэх үүрэгт нь нийцсэн статус олгохыг зорин,

Дэлхий дахинаа олон төрлийн зан заншил, ахуй соёл оршин буйг хүлээн зөвшөөрч,

Улс орон бүрийн тус тусынх нь дээд боловсролын бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлж байдаг хууль тогтоомж, арга барил, ёс заншил ихээхэн харилцан адилгүйг анхааралдаа авч,

Янз бүрийн улс оронд их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний талаарх хууль, зохицуулалт өөр өөр байдгийг, ялангуяа төрийн албаныханд хамаарах хууль тогтоомжууд тэд нарт хамаарах эсэхээс шалтгаалан харилцан адилгүйг харгалзан үзэж,

Гэхдээ их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний статусын тухайд бүхий л улс оронд ижил төстэй асуудлууд тулгарч, тэдгээр асуудалд нийтлэг байдлаар хандах, энэхүү Зөвлөмжид тусгалаа олж тодорхойлогдох ёстой аль болохуйц нийтлэг тийм арга хандлагыг бий болгох шаардлагатай гэдэгт итгэж,

ЮНЕСКО нь боловсролын талаарх аливаа ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг зогсох төдийгүй боловсрол олох нөхцөл боломжийг оролцуулан бүхий л төвшинд бүх нийтээр боловсрох боломж олгох, бүхий л хүмүүст нэгэн адил эрх тэгш байдлаар хандах хэрэгт тус дөхөм үзүүлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрсөн Боловсролын салбарт ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэх тухай ЮНЕСКО-гийн Конвенц /1960/, тэрчлэн Багш нарын статусын тухай зөвлөмж /1966/, эрдэм шинжилгээний ажилтнуудын статусын тухай ЮНЕСКО-гийн зөвлөмж /1974/, улмаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас батлан гаргасан эвсэн нэгдэх, байгууллагуудыг байгуулах, хамтын хэлэлцээ байгуулах болон нэгэн адил боломжоор хангагдах эрх чөлөөний талаарх эрх зүйн баримт бичгүүдийг анхааралдаа толилуулан,

Дээд боловсролын байгууллагууд болон судалгаа шинжилгээний боловсон хүчнүүдэд эн тэргүүнээ хамаарах асуудлуудыг тусгасан заалтуудыг нэмж оруулах байдлаар Хавсралтад жагсаасан олон улсын эрх зүйн актуудад тусгагдсан зөвлөмжүүдэд болон одоо байгаа конвенцүүдийн агуулгыг баяжуулахыг зорин,

Энэхүү зөвлөмжийг 1997 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлан гаргав.

Нэг. ТОДОРХОЙЛОЛТ

1. Энэхүү Зөвлөмжид тусгагдах нэр томъёоны тухайд гэвэл:

  1. Дээд боловсрол гэдэг нь төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс болон хүлээн зөвшөөрөгдсөн аккредитацийн системийн дагуу дээд боловсролын байгууллагууд хэмээн батлагдсан их сургуулиуд хийгээд дээд боловсролын бусад газруудаас дунд боловсролын дараахь шатанд хэрэгжүүлэх хичээл сургалт, судалгаа шинжилгээний ажлын чиглэлийн сургалт зэрэг хөтөлбөрүүдийг хэлнэ.
  2. Судалгаа шинжилгээний үйл ажиллагаа гэдэг нь дээд боловсролын агуулгын хүрээний утгаараа технологийн, байгалийн, хүн эмнэлгийн, соёлын, нийгмийн, хүмүүнлэгийн салбар дахь анхдагч суурь судалгаа шинжилгээний ажлыг буюу тухайлан сонгосон асуудлуудын мөн чанар, нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр арга барилыг хэрэглэн нарийн чанд дэс дараалалтай, шүүмжлэлтэй хандлагыг шаардах боловсролын судалгаа шинжилгээнийн ажлыг хэлнэ. Эдгээр анхдагч суурь судалгаа шинжилгээ нь аливаа байгууллагын хүрээнд зохих дэд бүтцэд түшиглэн тавигдсан асуудлуудыг тодотгох буюу тэдгээрийн шийдлийг олоход чиглэгдэнэ.
  3. Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа  гэдэгт их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин өөрсдийн салбарт хоцрогдохгүй мэдлэгээ ахиулж, эрдэм шинжилгээний нийтлэл бэлтгэж, бүтээлээ түгээж, заах аргаа төгөлдөржүүлэн, багшийн хувьд өөрсдийн салбарын шинжлэх ухааны мэргэшлийг дээшлүүлэх үйл явцын тухай ухагдахууныг багтаана.
  4. Эрдэм дэлгэрүүлэх ажил гэдэгт аль нэг сургуулийн газрын нөөц хүчийг түүний гадуурхи бөгөөд өөрийнх нь харьяалагдах улс орны, бүс нутгийн болон, газар орны төрөл бүрийн байгууллагын хэрэгцээнд зориулах ажил үйлчилгээг багтааж ойлгоно. Харин тийм ажил үйлчилгээ нь тухайн сургуулийн газрын зорилгод нь харшлахгүй байвал зохино. Ийм ажил нь багшлах тухайд гэхэд л, сургуулиас гадуурхи, тасралтгүй, зайн гэх мэт сургалтыг оройн сургууль, түр дамжаа, семинар, байнгын зохион байгуулалттай газруудаар дамжуулан явуулах ажлыг өөртөө багтаана. Судалгаа шинжилгээний ажлын тухайд авч үзвэл, тухайн ажил нь улсын, хувийн болон ашиг орлогын бус салбаруудад эрдэм мэдлэг түгээх, төрөл бүрийн зөвлөгөө өгөх, хавсрага судалгааны ажилд оролцох, судалгаа шинжилгээний үр дүнг амьдралд нэвтрүүлэх зэрэгт оршино.
  5. Дээд боловсролын байгууллагууд гэдэг нь их, дээд сургуулиуд, боловсролын өөр бусад байгууллага, боловсролын бүтцийн салбарууд, мөн судалгаа шинжилгээний болон соёлын төвүүд зэрэг дээрх сургуулийн газруудтай холбоотой бөгөөд аккредитацийн зохих системийн хүрээнд буюу төрийн эрх мэдэл бүхий байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн улсын болон хувийн байгууллагуудыг багтаан ойлгоно.
  6. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин гэдэгт дээд боловсролын байгууллагууд буюу хөтөлбөрүүдэд багшлах, судалгаа шинжилгээний ажил эрхлэх, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа өрнүүлэх зэргээр ажиллах, оюутнуудад болон өргөн олон түмэнд боловсролын үйлчилгээ, туслалцаа үзүүлэх үйл хэрэгт оролцогч бүхий л хүнийг хамааруулна.

 Хоёр. ЦАР ХҮРЭЭ

2. Энэхүү Зөвлөмж нь их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчнийг нийтэд нь хамарч үйлчилнэ.

 

Гурав. МӨРДӨХ ЗАРЧМУУД

3. НҮБ-ын гишүүн улс тус бүрийн баримтлах олон улсын энх тайван, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн замнал нь, тухайлбал, эдгээр улс орон ЮНЕСКО-гоос тодорхойлсончлон энх тайван, энх аж төрөх соёлд чиглэсэн боловсролыг дэлгэрүүлэн, улмаар хариуцлагатай иргэний ёсоор өргөн олон түмэндээ үйлчлэх, үр бүтээлч бөгөөд төгс төгөлдөр судалгаа шинжилгээний ажил эрхлэх чадвартайгаар мэргэшин боловсрон төгсөгчдийг их, дээд сургуулийн байгууллагуудаас төрүүлэн гаргах шаардлагыг буй болгож байгаа юм. Цаашилбал, энэ нь авьяас төгс, дээд зэргээр мэргэшсэн их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагыг мөн нэг адилаар тулгаж буй болно.

4. Дээд боловсролын  байгууллагууд нэн ялангуяа их сургуулиуд бол уламжлалт мэдлэг, соёлын талаар өөрсдийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлэн дэлгэрүүлж, өвлөн хадгалуулах, өөрөөр хэлбэл аливаа тогтсон номлолд хүлээслэгдэхгүй эрдэм мэдлэгийг шинээр эрэлхийлэх чиг зорилго бүхий эрдэмтэн мэргэдийн хамт олнууд мөн. Шинэ тутам эрдэм мэдлэгийг эзэмшин, түүнийгээ хэрэглэх нь дээд боловсролын байгууллагуудын гол үүрэг, зорилго юм. Шинжлэх ухааны анхдагч суурь судалгаа шинжилгээ шаардахгүй тийм дээд боловсролын байгууллагууд дахь их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний тухайд гэвэл, тэдгээр нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үйл хэрэгт оролцох, заах аргынхаа ур чадварыг ахиулах хэлбэрээр өөрсдийн салбарын мэдлэгийн түвшинг хадгалан дээшлүүлж байх ёстой.

5. Дээд боловсрол, судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, эрдэм дэлгэрүүлэх ажил дээрх ахиц дэвшил нь гол төлөв дэд-бүтэц, хүмүүний хүчин зүйлийн хийгээд материалын нөөц, их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний мэргэшил, туршлага зэргээс, цаашилбал тэдгээрийн хүнийх нь болон заах арга барилын чанар чансаанаас шалтгаална. Энэ бүхэн нь эрдэм оюуны эрх чөлөө, мэргэжлийн хариуцлага, байгууллагын хараат бус байдалд түшиглэвэл зохино.

6. Дээд боловсролын салбарт багшлах нь мэргэжил мөн. Юу гэвэл, тийнхүү багшлах нь: дээд сургуулийн байгууллагуудын багшлах боловсон хүчний зүгээс насан туршид уйгагүй суралцан, судалгаа шинжилгээ хийж эзэмшин хэвшүүлсэн тийм өндөр мэдлэг, тусгайлсан ур чадвар шаарддаг нийгэм олондоо хүчин зүтгэх нэгэн хэлбэр, мөн оюутан, нийгэм олны боловсрол, сайн сайхны болон судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны тал дээр мэргэжлийн дээд жишгийг тууштай баримтлахын төлөө, багш хүний хувийн болоод байгууллагын хүлээх хариуцлага юм.

7. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний хөдөлмөрлөх нөхцөл нь судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, эрдэм дэлгэрүүлэх ажлыг үр бүтээлчээр хөтлөн явуулахад тус дөхөм үзүүлж, их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний зүгээс өөрсдийн мэргэжлийн үүрэг зорилгыг биелүүлэх боломжийг олгохуйц байвал зохино.

8. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчнийг төлөөлөх байгууллагуудыг боловсролыг урагшлуулан хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах хүч мөн хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөөд, тэгснээрээ тэдгээр нь сонирхогч бусад талуудыг боловсролын бодлогыг тодорхойлоход татан оролцуулдаг байх ёстой.

9. Дээд боловсролын системийг улс орон тус бүрт үндэсний хууль тогтоомж, арга ажиллагаа болон олон улсын жишиг ёсоор бий болсон төрөл байдлаар нь олон янз байх явдлыг даган хүндэтгэвэл зохино.

Дөрөв. БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТУУД БА БОДЛОГО

10. Гишүүн улс орнууд нь ерөнхийдөө өөр өөрсдийн үндэсний төлөвлөлт, ялангуяа дээд боловсролын төлөвлөлтийн зохих бүхий л шатанд доорх чиглэлээр зохих бүх арга хэмжээг авбал зохино. Үүнд:

  1. Дээд боловсролыг хүмүүний хүчин зүйлийг /хүмүүнийг/ хөгжүүлэхэд болон нийгмийн дэвшилд чиглүүлэх
  2. Дээд боловсрол нь насан туршид суралцах зорилгод хүрэхэд хийгээд бусад хэлбэр, төвшний боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц байх.
  3. Дээд боловсролын байгууллагуудыг улсаас санхүүжүүлэх нөхцөлд тийм хөрөнгө мөнгийг улсын хөрөнгө оруулалтын нэгэн адил үзэж, түүнд улсын зүгээс үр нөлөө бүхий хяналт тавидаг байх.
  4. Нэгэнт дээд боловсролыг санхүүжүүлэх явдлыг улсын хөрөнгө оруулалтын нэгэн хэлбэр хэмээн үзэж байгаа нөхцөлд түүний үр өгөөж нь засгийн газрын болон улсын эн тэргүүний зорилтуудаас шалтгаалан гол төлөв зайлшгүй урт хугацааны чанартай байх.
  5. Улсаас санхүүжүүлэх шаардлагын үндэслэлийн талаар олон нийтэд байнга ил тод мэдээлж байх зэрэг болно.

11. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь аливаа асуудлыг тал бүрээс нь шинэчлэн тусгасан мэдээллийн цуглуулгатай, цуглуулгын сан нь цензур хяналт болон оюуны талаар хавчин боогдуулах гэсэн хөндлөнгийн оролцооноос ангид тийм номын сангуудад орж ажиллах боломжоор хангагдсан байвал зохино.

12. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний зүгээс хийсэн судалгаа шинжилгээний үр дүнг /бүтээлийг/ тэдгээрт байгуулсан гавьяаных нь хэр чинээгээр нэр хүнд олгоход туслах, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлыг ерөнхийд нь хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх зорилгоор хэвлэн нийтэлж түгээн дэлгэрүүлэхэд түлхэц өгөх ёстой. Энэ үүднээс, их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин хийсэн шинжилгээ судалгааны үр дүнгээ өөрсдийн сонгосон ном, сэтгүүл, мэдээллийн санд зохиогчийн буюу хамтран зохиогч мөнийхөө хувьд өөрсдийн нэр дээр саадгүй хэвлэн нийтлүүлэх эрхтэй байх ёстой. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний оюуны өмчийг хууль зүйн, ялангуяа үндэсний болон олон улсын зохиогчийн эрхийн хамгаалалтанд байлгах ёстой.

13. Дэлхий дахины их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин өөр хоорондоо үзэл бодол, мэдээллээ солилцох нь дээд боловсрол болон судалгаа шинжилгээг үр нөлөөтэй хөгжүүлэхэд амин чухал бөгөөд түүнийг идэвхитэй хөхүүлэн дэмжих нь зүйтэй. Энэ үүднээс, их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин өөрсдийн ажил амьдралын туршид дээд боловсрол, судалгаа шинжилгээний талаарх олон улсын хурал чуулгад оролцож, улс төрийн хязгаарлалт хориггүйгээр хилийн чанадад зорчих, энэ зорилгоор Интернетийн болон видео-бага хурлуудын сүлжээг ашиглах боломжоор хангагдвал зохино.

14. Семинар, симпозиум болон хамтын ажиллагааны төсөл зохион байгуулах зэргээр байгууллагуудын хооронд үндэсний болон олон улсын хэмжээнд их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин өргөнөөр солилцох, мөн боловсролын болон судалгаа шинжилгээний солилцох хөтөлбөрүүдийг хөгжүүлэн дэмжих нь чухал  Их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон холбоодын өөр хооронд, улмаар эрдэмтэн, судлаачдын хооронд харилцаа холбоо болон шууд хэлхээ холбоо тогтоох явдлыг хөнгөвчлөх ёстой. Түүнчлэн бусад улс орны их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний зүгээс улсын архив, номын сан, шинжилгээ, судалгааны болон бусад ижил төрлийн байгууллагад буй мэдээллийн нээлттэй материалд хүрч ажиллах боломжийг хөнгөвчлөх нь чухал.

15. Хөгжиж байгаа улс орнуудаас, үүний дотор нэн буурай хөгжилтэй орнуудаас их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин бөөнөөр гадаад орнуудад цагаачлан гарч байгааг гишүүн улс орнууд болон дээд боловсролын байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай. Үүнтэй холбогдуулан цагаачлалыг тогтоон барих, улмаар цагаачлагчдыг эргүүлэн татахын тулд эрдэм оюуны ажлыг дотооддоо өрнүүлэх боломжийг, үүний дотор тэдгээр орны их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний хөдөлмөрлөх нөхцлийг хангах үүднээс хөгжиж байгаа улс орнуудад тусламж үзүүлэх хөтөлбөрүүдэд тус дэмжлэг үзүүлэхэд гишүүн улс орнууд болон дээд боловсролын байгууллагууд анхаарах ёстой.

16. Сургалтын шат дамжаа болон дээд боловсролын үнэлэх гэрчилгээг хүлээн зөвшөөрөх тухай асуудлааар ЮНЕСКО-гоос 1993 онд гаргасан зөвлөмжийн дагуу бусад улс орнуудын дээд боловсролын зэрэг цол, дипломыг хүлээн зөвшөөрөх үндэсний зохистой бодлого, арга хэрэгслийг бий болгон тэдгээрт дээд боловсролын салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломж олговол зохино.

Тав. БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

А. Байгууллагын бие даасан /хараат бус/ байдал

17. Дор дурдсан үүрэг, хариуцлагуудад нийцүүлэн, эрдэм оюуны зохих эрх чөлөөг эдлэх явдал нь дээд боловсролын байгууллагуудыг хараат бус байлгахыг шаардана. Хараат бус байдал нь дээд боловсролын байгууллагууд өөрсдийн эрдэм оюуны ажил, жишиг, удирдлага, холбогдох үйл ажиллагааныхаа талаар үр нөлөөтэй шийдвэр гаргах тухайд шаардагдах, өөрийгөө удирдах хэм хэмжээ мөн бөгөөд ингэхдээ улсын тайлан тооцооны, ялангуяа төрөөс олгосон хөрөнгийн болон эрдэм оюуны эрх чөлөө хийгээд хүний эрхийн талаарх хариуцлага тооцооны тогтолцоотой нийцүүлэн ажиллабал зохино. Гэхдээ, чухам ямар төрлийн байгууллага болохоос нь шалтгаалан байгууллагын хараат бус байдлын мөн чанар ялгавартай байж болно.

18. Хараат бус байдал нь эрдэм оюуны эрх чөлөөний зохион байгуулалт бүхий нэгэн хэлбэр мөн бөгөөд их, дээд сургуулиудын  багшлах боловсон хүчин болон байгууллагуудад даалгасан үүргүүдийг зохих ёсоор биелүүлэх баталгааг буй болгох угтвар нөхцөл мөн.

19. Гишүүн орнууд нь их, дээд сургуулиудыг тэдгээрийн хараат бус байдал аль нэгэн шалтгаанаар зөрчигдөх аюул заналаас хамгаалах үүрэгтэй.

20. Дээд боловсролын байгууллагууд хараат бус байдлаа энэхүү Зөвлөмж болон хавсралтад жагсаасан олон улсын бусад баримт бичигт тусгалаа олсон их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний эрхийг хязгаарлах шалтаг болгон ашиглах ёсгүй.

21. Өөрийгөө удирдах ёс, хамтын удирдлага болон эрдэм оюуны зохих түшиц бүхий удирдлага зэрэг нь дээд боловсролын байгууллагуудын жинхэнэ ёсны хараат бус байдлын нэн чухаг бүрдэл хэсгүүд мөн.

Б. Байгууллагын тайлан тооцоо

22. Санхүүгийн хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах үүднээс гишүүн улс орнууд болон дээд боловсролын байгууллагууд нь дээд боловсролын байгууллагуудын хараат бус бие даасан байдлын хэм хэмжээ болон тэдгээрийн тайлан тооцооны хариуцлагын тогтолцооны хоорондын зохистой тэнцвэрийг хангах ёстой. Дээд боловсролын байгууллагууд тайлан тооцооны журмыг мөрдөхийн тулд түүнийг удирдан зохицуулах ажлыг ил тод хөтлөн явуулах ёстой. Тэдгээр нь тайлан тооцооны талаар доорх хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  1. Өөрсдийн боловсролын эрхэм зорилгын мөн чанарыг олон түмэнд үр нөлөөтэй мэдээлэх,
  2. Багшлах, судалгаа, шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа чанарын дээд төвшинд хүрч, өөрсдийн эрдэм оюуны эрхэм зорилтод нь харшлах хөндлөнгийн оролцооны эсрэг зогсож, өөрсдийнхөө багшлах, судалгаа, шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны хараат бус байдлыг хамгаалах,
  3. Эрдэм, оюуны эрх чөлөө, хүний эрхийг үр нөлөөтэйгээр дэмжих,
  4. Өөрсдөд буй хөрөнгө нөөцийн хэмжээнд эрдэм оюуны хувьд шаардлага хангахуйц аль болох олон хүнд чанартайгаар дээд боловсрол олгохыг зорих,
  5. Оюутнуудтай ялгаварлан гадуурхахгүйгээр үнэнч шударгаар харьцах харьцааг төлөвшүүлэх,
  6. Байгууллагын эрхэм зорилго болон хөрөнгө нөөцөд тохирсон хэмжээнд насан туршийн тасралтгүй сургалт явуулах боломж бүрдүүлэхийг зорих,
  7. Эмэгтэйчүүд, цөөнхөд эрх тэгш байдлаар хандах, хүйс болон арьсны өнгөөр ялгаварлан хавчиж мөшгих явдлыг устгах талаар бодлого, журам боловсруулан мөрдүүлэх,
  8. Дээд боловсролын боловсон хүчнийг анги, танхимд багшлах, судалгаа шинжилгээ хийхэд нь хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон мөшгин мөрдөх байдлаар саад тотгор үзүүлэхгүй байх,
  9. Тайлан тооцоог шударга ил тод байлгах,
  10. Хөрөнгө эөөцийг үр ашигтай зарцуулах,
  11. Хамтын үйл ажиллагааны болон их, дээд сургуулиудын багш нарыг төлөөлөгч байгууллагуудтай хийх яриа хэлэлцээний арга хэлбэрээр эрдэм оюуны эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний талаарх зарчмуудад нийцүүлэн дээд боловсролын боловсон хүчний зүгээс судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, эрдэм дэлгэрүүлэх ажилдаа удирдлага болохуйц ёс зүйн горим журмыг бий болгох,
  12. Эдийн засаг, соёл, нийгэм, улс төрийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, чингэхдээ эрдэм мэдлэг, шинжлэх ухаан, технологийг эдгээр эрх чөлөөг боогдуулах зорилгоор ашиглахаас сэрэмжлүүлэхийг зорих, өөрөөр хэлбэл тэдгээрийг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм оюуны ёс суртахуун, хүний эрх, энх тайван байдлын эсрэг зорилгод ашиглахгүй байхыг эрхэмлэх,
  13. Их, дээд боловсролын байгууллагууд нийгэмд тулгарч буй эдүгээ эрин цагийн асуудлуудад өөрсдийгөө хандуулж, үүний үүднээс сургалтын төлөвлөгөө, үйл ажиллагаагаа аль болохуйцаар нийгэм олны, өргөн утгаараа нийгэм даяарх шаардлага хэрэгцээг хангахад нийцүүлсэн байхад анхаарч, өөрсдийн төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлд гарч ажиллах боломжоор хангахад чухал үүрэг гүйцэтгэх,
  14. Улс үндэстний, бүс нутгийн, үндэс угсааны хил хязгаараас хальсан эрдэм оюуны хамтын ажиллагааг бололцооны хэрээр зохистой хэлбэрээр хөхүүлэн дэмжиж, нэг улс орон нөгөө улс орныг шинжлэх ухаан, технологийн талаар ашиглах явдлаас урьдчилан сэргийлж, эрдэм мэдлэгийг эзэмших, соёлын өв уламжлалыг хадгалах тал дээр дэлхий дахины эрдэм оюуны бүхий л хамт олны өөр хоорондын эрх тэгш түншлэлийг хөхүүлэн дэмжих,
  15. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин буюу оюутнуудыг судалгаа, шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны зорилгоор ашиглахад шаардагдах мэдээлэл өгч чадах орчин цагийн сургалт, судалгаа, шинжилгээний хийгээд мэдээллийн эх үүсвэрүүдэд цензур хяналтгүйгээр хүрч ажиллах боломжоор хангах, шинэчлэн баяжуулсан номын сантай байлгах,
  16. Байгууллагын эрхэм зорилгод шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр ханган, тэдгээрийг зохих ёсоор ариглан ашиглах,
  17. Төрөлжсөн судалгаа, шинжилгээний ажилд татагдан оролцох нөхцөлд тэр нь байгууллагуудын эрхэм зорилго, зорилтуудтай зөрчилдөхгүй, энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжил, байгаль орчны талаарх нийтлэг зорилтуудад харшлахгүй байх зэрэг болно.

23. Байгууллагын тайлан тооцоотой ажиллах тогтолцоо нь шижлэх ухааны арга зүйд нийцэн, бодитой, тодорхой, өртөг зардал багатай, хялбар байвал зохино. Ийм тогтолцоог ажиллуулахад үнэнч шударга, эрх тэгш байдлыг сахих ёстой. Түүний арга зүй болон үр дүнгийн аль аль нь ил тод байвал зохино.

24. Дээд боловсролын байгууллагууд нь тус тусдаа буюу нийтээрээ тайлан тооцоотой ажиллах тогтолцоог бүрдүүлэн мөрдөх, үүний дотор дээрх зорилгуудад байгууллагын хараат бус байдал болон эрх чөлөөнд хор холбогдолгүйгээр хүрэх чанарлаг арга, хөшүүргийг бүрдүүлэх ёстой. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчинг төлөөлөгч байгууллагууд нь боломжтой үед ийм тогтолцоог төлөвлөх ажилд оролцвол зохино. Улсын зүгээс заавал мөрдүүлэх тайлан тооцооны бүтцүүд ажиллаж байгаа тохиолдолд тэдгээрийн дүрэм, журмын талаар боломжтой бол дээд боловсролын байгууллагууд болон дээд сургуулиудын багшлах боловсон  хүчинг төлөөлөгч байгууллагуудтай хэлэлцэн зохицох ёстой.

Зургаа. ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

А. Хувийн эрх, эрх чөлөө: Иргэний эрх, эрдэм оюуны эрх чөлөө

25. Дээд боловсролын салбар дахь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах бололцоо нь гагцхүү эрдэм оюуны зохих мэргэшил, чадвар, туршлагад тулгуурлан, нийгмийн нийт гишүүдэд ямарваа ялгаварлан гадуурах зүйлгүйгээр эрх тэгш байдлыг хангасан байвал зохино.

26. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь бусад бүлгүүд болон хувь хүмүүсийн нэгэн адилаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн иргэний, улс төрийн, нийгмийн болон соёлын зэрэг нийт иргэдэд хамаарах эрхийг эдлэх ёстой. Иймд дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нийтээрээ үзэл бодол, дотоод сэтгэлгээ, шашин, үзэл бодлын болон үг хэлэх, хурал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхын гадна, хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, шилжин суурьших эрхээр хангагдсан байвал зохино. Тэд нар иргэдийн нэгэн адилаар өөрсдийн иргэний эрхээ, үүний дотор төрийн бодлого болон дээд боловсролыг хөндсөн бодлогын талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэлбэрээр нийгмийн өөрчлөлт хийхэд хувь нэмэр оруулах эрхээ эдлэхэд элдэв хавчлага дарамтад үл өртөх ёстой. Ийм эрхээ ердөө л хэрэгжүүлснийхээ улмаас тэд ямарваа шийтгэл хүлээх ёсгүй. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин албадан баривчлагдах, хоригдох, эсвэл эрүү шүүлтэд өртөх, хүмүүнлэг бус хэрцгий харьцаанд нэрвэгдэх ёсгүй. Өөрсдийнх нь эрхийг бүдүүлгээр зөрчих тохиолдолд, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин үндэсний /дотоодын/, бүс нутгийн болон олон улсын холбогдох байгууллагуудад, тухайлбал НҮБ-д хандах эрхтэй бөгөөд, үүнийг нь дээд сургуулиудын багшлах боловсон хүчнийг төлөөлсөн байгууллагууд бүрэн дэмжих ёстой.

27. Дээр дурдсан олон улсын стандарт жишгүүдийг дээд боловсролын ашиг тусын тулд олон улсын ч, тухайн аль нэг улс орны хэмжээнд ч мөрдлөг болговол зохино.Үүний тулд, эрдэм оюуны эрх чөлөөний зарчмыг чандлан мөрдөх ёстой. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь эрдэм оюуны эрх чөлөөг хадгалах, өөрөөр хэлбэл аливаа тогтсон номлолд автахгүй байх ёстойн гадна эрдэм шинжилгээний ажил эрхлэн үр дүнг нь хэвлэн нийтэлж дэлгэрүүлэх, багшлах эрх чөлөөтэй байна. Мөн өөрсдийн ажиллаж байгаа байгууллага, системийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, байгууллагын зүгийн хориг шахалтаас ангид байх, эрдэм оюуны төлөөллийн болон мэргэжлийн байгууллагуудад оролцох эрх чөлөөг эдэлнэ. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нийтээрээ аливаа гадуурхалд болон төрийн болон бусад зүгээс хэлмэгдэлд автахаас айх ядалд өртөлгүй үүрэг зорилгоо биелүүлэх эрх эдэлбэл зохино. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин өөрсдийн ажиллаж байгаа орчин нөхцөл тааламжтай гэж үзвэл энэ зарчмыг бүрэн удирдлага болгож чадах бөгөөд үүний тулд ардчилсан уур амьсгал шаардлагатай. Эндээс ардчилсан нийгмийг хөгжүүлэх нь бүх нийтийн өмнө тулгарсан зорилт мөн.

28. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, үүний дотор мэргэжлийн хариуцлага болон сургалтын жишиг, арга барилын талаар өөртөө тавих оюуны шаардлага зэргийг мөрдөхийн сацуу хөндлөнгийн аливаа оролцоогүйгээр багшлах эрхтэй. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь өрсдийн сайтар эзэмшсэн мэдлэг, ухамсрын эсрэг хандлагатай зүйлийг зааж сургах талаар элдэв шаардлагад автах буюу сургалтын төлөвлөгөөг болон арга барилыг хүний эрхийн үндэсний болон олон улсын хэм хэмжээний эсрэг ашиглах шаардлагад автах ёсгүй. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой.

29. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь гадны шахалт оролцоогүйгээр судалгаа шинжилгээний ажлаа өөрсдийн мэргэжлийн хариуцлагын дагуу, оюун санааны талаар өөртөө шаардлага тавих, шинжлэх ухааны эрэл хайгуул, судалгаа шинжилгээний талаар үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйг даган мөрдөж гүйцэтгэх эрхтэй. Тэд өөрсдөө зохиосон буюу хамтран зохиосон судалгаа, шинжилгээнийхээ дүгнэлтийг энэ Зөвлөмжийн 12-т заасан ёсоор хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх эдэлнэ.

30. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь өөрсдийн эрхлэх ажлаас гадуур, ялангуяа өөрсдийнх нь мэргэжлийн ур чадварыг бэхжүүлж, мэдлэг боловсролоо нийгэм олны асуудлуудыг шийдвэрлэхэд хандуулах чиглэлээр тийм үйл ажиллагаа явуулах эрхтэй. Харин ийм үйл ажиллагаа нь тэдгээрийн үндсэн байгууллагынхаа өмнө түүний бодлого, дүрэм журмын дагуу хүлээсэн үүрэгт нь саад тотгор учруулах ёсгүй.

Б. Өөрийгөө удирдах зарчим ба хамтын удирдлага

31. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь аливаа хавчлага, шахалтад өртөхгүйгээр өөрсдийн чадлын хэр хэмжээнд дээд боловсролын байгууллагуудын, үүний дотор өөр өөрсдийн байгууллагуудын удирдлагад оролцох эрх, боломжоор хангагдсан байвал зохино. Ингэхдээ эрдэм оюуны бусад хэсгийнхний тийнхүү оролцох эрхийг хүндэтгэх ёстой. Тэд дээд боловсролын байгууллагынхаа хүрээнд эрдэм оюуны байгууллагуудын олонхийг бүрдүүлэн төлөөлөх эрхтэй.

32. Хамтын удирдлагын зарчим нь өөртөө эрдэм оюуны эрх чөлөө, хамтын хариуцлага, дотоод шийдвэр гаргах бүтцүүдэд болон арга ажиллагаанд, холбогдох бүх хүнийг оролцуулах бодлого болон зөвлөлдөх арга, хөшүүргүүдийг хөгжүүлэх асуудал зэрэг багтана. Хамтын шийдвэрт захиргаа, дээд боловсролын бодлого, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, эрдэм дэлгэрүүлэх ажлын талаарх бодлого, хөрөнгийн хуваарилалт, холбогдох бусад үйл ажиллагаа зэрэг нийгэм олны нийтлэг ашиг тусын тулд эрдэм оюуны ажлын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий асуудлуудаар гаргах шийдвэрүүдийг багтаана.

Долоо. ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

33. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь өөрсдийн эдлэх эрхтэй, тусгай үүрэг, хариуцлага, тухайлбал бусад гишүүний эрдэм оюуны хамт олны эрх чөлөөг хүндэтгэх, эсрэг үзэл бодлыг шударгаар сонсох нөхцлийг хангах явдал дагалдаж байдгийг хүлээн зөвшөөрвөл зохино. Эрдэм оюуны эрх чөлөө нь тухайн эрх чөлөөг үнэний мөрийг хөөж судалгаа шинжилгээг ёсчлон шударгаар хийх байдлаар эдлэх үүргийг мөн өөртөө багтаана. Багшлах, судалгаа шижилгээ хийх, эрдэм шинжилгээний ажил өрнүүлэхдээ ёс зүйн болон мэргэжлийн хэм хэмжээг сахиж, аль болохуйц нийгэм олныг нүүрлэсэн орчин цагийн асуудлуудад хандах, дэлхийн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах үүднээс ажиллах ёстой.

34. Тухайлбал, дээд сургуулиудын багшлах боловсон хүчний эрдэм оюуны эрх чөлөөнийх нь дагуу тавигдах хувийн үүрэгт доорх зүйлс багтана. Үүнд:

  1. Төрөөс болон байгууллагаас олгосон хөрөнгийн хүрээнд оюутнуудад үр ашигтай багшлах, эмэгтэй, эрэгтэй оюутнуудад шударгаар эрх тэгш хандах, бүх шашин, арьсны өнгө бүхий оюутнуудад, улмаар тахир дутуучуудад ялгаваргүй хандах, өөрсдийн болон оюутнуудын хооронд санал бодлоо чөлөөтэй солилцохыг хөхүүлэн дэмжих, тэдгээрийн судалгаа, сурлагыг удирдан чиглүүлэхэд бэлэн байх,
  2. Эрдэм шинжилгээний ажил өрнүүлэн, тухайн ажлынхаа үр дүнг түгээн дэлгэрүүлж, суурь судалгаа шаардлагагүй тохиолдолд судалгаа, шинжилгээний аргаар болон өөрсдийн багшлах ур чадварыг сайжруулах үүднээс заах аргаа хөгжүүлэх хэлбэрээр өөрсдийн эрдэм мэдлэгийг бууруулахгүйгээр баяжуулах,
  3. Өөрсдийн судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлыг мэдлэгийн мөрийг шударга ёсоор хөөн нотолгоожууулж, өрөөсгөл бус үндэслэл гарган, шударгаар илтгэх зарчмыг хүндэтгэхэд тулгуурлах,
  4. Хүн, амьтан, өв уламжлал, байгаль орчин тэргүүтнийг хамарсан эрдэм шинжилгээ, судалгааны ёс зүйг сахих,
  5. Эрдэм оюуны талаар хамтран зүтгэгч нарынхаа, оюутнуудынхаа эрдэм шинжилгээний бүтээлийг хүндэтгэн зөвшөөрч, хэвлэгдсэн бүтээлүүдийн зохиогчийн эрхэд түүнд материаллаг хувь хандив оруулсан болон нийтэлсэн зүйлийн агуулгын хариуцлагыг хуваалцсан хэн бүхнийг багтаан үздэг байх,
  6. Анхлан эрдэм шинжилгээ болон сургалтын зориулалтаар хөрөнгө мөнгөний туслалцаа авахаар гаргасан өргөдөлд дагалдан ирсэн судалгаа шинжилгээний ажлын нууцлалын зэрэглэл бүхий эх бичвэрийг авч үзэх боломжийг далимдуулан мэдээ сэлт, онол тогтолцоог нь ашиглахаас тэдгээрийн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр түдгэлзэх,
  7. Эрдэм шинжилгээний ажил хийгдсэн улс орны хууль, тогтоомжийн дагуу эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлж, хүний  эрхийн талаарх олон улсын хууль ёсыг тухайн ажил зөрчихгүй байх, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, эх тулгуур баримт сэлтийг судалгаа хийгдсэн зочлогч улс орны эрдэмтэд, судлаачдын хүртээл болгох. Ингэхдээ мэдээлэгчийг зохисгүй байдалд оруулах болон нэрийг нууцлах баталгааг алдагдуулах явдал гаргахгүй байвал зохино.
  8. Эрх ашгийн сөргөлдөөнөөс зайлсхийж, тийм зөрөлдөөнийг ил тодоор, ажиллаж байгаа дээд боловсролын байгууллагатайгаа бүрэн дүүрэн зөвлөлдсөний дагуу шийдвэрлэж, уг шийдвэрийг тухайн байгууллагаар зөвшөөрүүлж байх,
  9. Дээд боловсролын байгууллагуудад зориулсан бөгөөд өөрсдийнх нь мэдэлд итгэмжлэгдсэн хөрөнгийг эрдэм шинжилгээ болон, мэргэжил, шинжлэх ухааны бусад байгууллагын тусын тулд үнэнч шударгаар захиран зарцуулах,
  10. Эрдэм оюуны талаар хамтран зүтгэгчид болон оюутнуудын талаар мэргэжлийн үнэлгээ өгөхдөө шударга, тал тохой татахгүйгээр хараат бус байх,
  11. Өөрсдийн мэргэжлийн хүрээнд үл хамаарах асуудлуудаар эрдэм шинжилгээний чиглэлийн бүтээл бичиж туурвихдаа хүлээх хариуцлагаа ухамсарлан, өөрсдийн мэргэжлийн мэдлэгийн мөн чанарын талаар олон нийтийг төөрөгдөлд оруулахаас зайлсхийх,
  12. Дээд боловсролын байгууллагууд болон мэргэжлийн газруудын хамтын удирдлагад шаардагдах шаардлагатай үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж ажиллах.

35. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь өөрсдийн мэргэжлийн ажилд тэдний статус өөрсдөөс нь болон ололтын чанараас ихээхэн хамааралтай байдаг тул аль болохуйц мэргэжлийн дээд зэргийн жишигт хүрэхийг зорих ёстой.

36. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь дээд боловсролын байгууллагуудын улс нийгмийн өмнө тайлан тооцоотой ажиллах үүрэгт нь хувь хандив оруулан ажиллавал зохино. Чингэхдээ тэдгээрийн ажилд, тэдгээрийн мэргэжлийн эрх чөлөөнд, эрдэм мэдлэгийг өрнүүлэхэд шаардагдах зохион байгуулалтын бие даасан байдлыг гажуудуулахгүй байвал зохино.

Найм. МЭРГЭЖИЛД БЭЛТГЭХ НЬ

37. Дээд боловсролын салбартай ажил амьдралын замналаа холбох багш бэлтгэхийн тулд ёс суртахууны болон оюун ухаан, багшлах шинж чанарыг болон мэдлэг, ур чадварыг эзэмшсэн дээд боловсролын багш нараар нийгмийг хангах хэрэгцээн дээр багш нарыг элсүүлэн бэлтгэх бодлогод тулгуурлана.

38. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин бэлтгэх бүх талын асуудал ямарваа хэлбэрийн ялгаварлан гадуурхах үзлээс ангид байх ёстой.

39. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчнээр бэлтгэгдэхээр нэр дэвшигсдийн дунд байгаа эрдэм оюуны адил мэргэшил, туршлагатай эмэгтэйчүүд болон цөөнхийн гишүүдийг эрх тэгш боломжоор ханган, тэд нарт ялгаваргүй хандвал зохино.

Ес. АЖИЛЛУУЛАХ НӨХЦӨЛ, БОЛЗОЛ

 А. Эрдэм оюуны мэргэжлийн үйл ажиллагааны гараа

40. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчнийг ажилд авч ажиллуулагч нар нь элдэв ялгаварлан гадуурхах үзлээс ангид бөгөөд судалгаа шинжилгээний ажил, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, эрдэм дэлгэрүүлэх ажил зэргийг үр нөлөөтэй явуулахад дээд зэргээр чиглэсэн тийм ажиллах нөхцөл болзлыг тогтоох ёстой.

41. Эрдэм оюуны хамт олны дотроос тэгш бус байдалд байгаа гишүүдийн хэрэг дээрх эрх тэгш байдлыг нэн даруй хангахад чиглэсэн түр зуурын арга хэмжээнүүдийг эдгээр арга хэмжээ тийнхүү зорьсон эрх тэгш байдалд хүрэх зорилтууд биелэгдэх болон эрх тэгш байдлаар үзэх боломжийг хангах тогтолцоо хэвших аль нэг цаг үед хүчингүй болох юм гэсэн ойлголттой бол ялгаварлан гадуурхах шинж чанартай гэж үзэх ёсгүй.

42. Дээд боловсролын салбарт багшлах болон эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажилд элсүүлэхийн эхний туршилтын хугацааг нь эхлэн ажиллаж байгаа хамтран зүтгэгсдийг урамшуулан дэмжиж, хөнгөлөлт туслалцаатайгаар эгнээндээ багтаах болон мэргэжлийн холбогдох хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, улмаар хүн нэг бүр өөрийн багшлах болон эрдэм шинжилгээний ур чадвараа хөгжүүлэх боломж хэмжээг хүлээн зөвшөөрвөл зохино. Туршилтын дундаж хугацааг урьдаас мэдэгдэх ёстой бөгөөд, харин түүний хэр зэрэг удаан үргэлжлэн амжилттай дуусах эсэх нь мэргэжлийн чадвар чансаанаас гагцхүү шалтгаалах ёстой. Хэрэв эхлэн ажиллагсад өөрсдийн туршилтын хугацааг хангалттай үнэлгээтэй дүүргэж чадахгүйд хүрвэл тэд тэр талаарх шалтгааныг мэдэж авах, өөрсдийн ажлын үзүүлэлтийг сайжруулах зохистой боломжийг олохын тулд энэ талаар хүрэлцээтэй хугацаатай байхууцаар урьдчилж мэдээлэл авах эрхтэй. Тэд мөн энэ талаар гомдол гаргах эрхтэй байвал зохино.

43. Их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин нь:

  1. Ажилд элсэх, шаардлагатай бол хугацаагүй гэрээтэй ажиллах, албан тушаалд ахих, холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг алба ажилд ахин дэвших шударга, ил тод тогтолцоотой байх,
  2. Сургуулийн байгууллагын хүрээнд хавсралтад дурдсан олон улсын жишиг, журмын дагуу хөдөлмөрийн харилцаанд орох шударга, ил тод тогтолцоотой байх нөхцлөөр хангагдах ёстой.

44. Дээд боловсролын бусад байгууллагуудтай болон тэдгээрийн хавчлага мөшгилтөд нэрвэгдэж буй дээд боловсролын багшлах боловсон хүчнүүдтэй эв санааны нэгдэлтэй байхад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байвал зохино.


© Copyright 2010. Мэдээллийн Технологийн Тєв, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль.