Таны IP : 54.234.217.247

Их, дээд сургуулийн багш нарт тавигдах шаардлага, ажлын үнэлгээ




Их дээд сургуулийн багшид тавигдах шаардлага ажлын үнэлгээ

 

         Их дээд сургуулийн багш бол оюутны бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй. Учир нь сэтгэл зүйн хувьд оюутан нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас ялгаатай. Оюутны суралцах явцад асуудал шийдвэрлэх, сэтгэхүйн болон танин мэдэхүйн цар хүрээг тэлэх, шинжлэх ухаанч байр сууринаас судлаачийн хувьд асуудалд хандахад их, дээд сургуулийн багш шийдвэрлэх үүрэгтэй. Их, дээд сургуулийн сургалт нь мэргэжлил эзэмшихэд багш бус, харин оюутан өөрөө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр зохион байгуулагдсан байдаг. Энэ тохиолдолд их, дээд сургуулийн багшид чухам ямар шаардлага тавигдах вэ гэсэн асуултанд хариулах хэрэгтэй.

         Их, дээд сургуулийн багш бол өөрийн мэргэжлийн хүрээнд лекц, семинар, лабортари, дадлага зэрэг сургалтын зохион байгуулалтын хэлбэрээр мэдлэгээ дамжуулан сургалтанд оролцоно. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн багштай адил шууд утгаар оюутанд зааж сургах, шинэ мэдлэг олгох биш, харин бие дааж мэдлэгийн цар хүрээг хэрхэн тэлэх, ямар арга хэрэглэн юуг сурах талаар санаа өгч чиглүүлнэ. Учир нь их, дээд сургуулийн багш бол шинжлэх ухааныг тэр чигээр нь хуулбарлан дамжуулах эрх, үүрэгтэй биш хийгээд энэ нь ч боломжгүй юм. Их, дээд сургуулийн багш, оюутны харилцаа хөгжүүлэх сургалтын онолд тулгуурладаг. Багшийн үйл ажиллагаа зөвхөн онолын энгийн мэдлэг олгох, мэдээлэл хийх зэргээр хязгаарлагдахгүй, харин тоо баримт, түүхийн холбоо уялдаа, шинжлэх ухааны онол, зүй тогтол зарчим зэргийг ойлгоход туслах ёстой.

         Их, дээд сургуулийн багшийн үйл ажиллагаа, заах арга нь оюутны сэтгэхүй тэлэхэд чиглээд зогсохгүй түүний оюун ухаан, бие бялдар, ёс суртахуунд бүхэлд нь нөлөөлнө. Үүний тулд оюутанд өгч буй материал, баримт нь ямар ч хэлбэртэй байсан ( лекц, семинар, лаборатори, дадлага) шинжлэх ухааны үндэстэй , логик дэс дараатай, хүртээмжтэй, ойлгомжтой, өгөөжтэй байх ёстой. Энэ бол хамгийн чухал ач холбогдол бүхий шаардлага юм. Гэхдээ сургалтыг онолын үндсэн дээр зохион байгуулах ёстойгоос бус хоосон тоо баримт, үйл явдал, үйл явц, үзэгдэлд тулгуурладаггүй. Үүнтэй холбоотой Л.С. Выготский " Бодит хөгжлийн түвшингээс илүү үйл явдлыг урьдчилан таамагладаг сургалтыг шаардлага хангасан гэнэ, учир нь сургалт нь өөрөө хөгжлийг хөдөлгөгч эх үүсвэр байдаг" гэж тэмдэглэж байжээ.  Их , дээд сургуулийн багш бол эх зохиол, сурах бичигт байхгүй зүйлийг нэмэн тодруулах , онол хоорондын холбоо  уялдааг гаргах, харьцуулах, санаа дэвшүүлэх зэргээр оюутныг бие дааж сэтгэн бодох, таамаглах, логик дүгнэлт гаргахад нь туслах үүрэгтэй. Үүний тулд сонгож авсан сургалтын агуулга нь ямар ч хэлбэрт оруулахад төвөггүй байх ёстой. Оюутны судалж буй тухайн онолын асуудалд хандах хандлага нь түүний бодит үр дүн, ашиг тусыг ойлгох эсэхээс ихээхэн шалтгаална. Хэрэв тухайн онолын практик ач холбогдлыг оюутан тодорхойлж чадахгүй бол түүнийг бүрэн ойлгож эзэмших нь эргэлзээтэй гэдгийг багш ойлгох учиртай. Мөн оюутныг хөгжүүлэх бус, харин оюутан өөрөө сургалтын явцад хөгжиж байх ёстой ба үүнийг багш зөвхөн чиглүүлэх үүрэгтэй.

            Их дээд сургуулийн багшийн үүрэг бага биш гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үүнийг багшийн стратегиас шалтгаалдаг оюутан - бие хүний төлөвшил болон мэргэжлийн боловсрол , ерөнхий хөгжил зэргээр тайлбарлаж болох юм. Сургалтын явцад багш , оюутны харилцаа, харилцан нөлөөлөл, хамтын үйл ажиллагаа өргөн хүрээтэйн зэрэгцээ бие хүний хувьд бие биенээ хөгжүүлдэг.  Тэгэхээр нэг бус хоёр талтай үйл явц гэж болно. Учир нь оюутныг чиглүүлж буй багшийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг , боловсрол бус, харин бие хүний хувьд  хэн болох нь бүхэлдээ оюутныг дагуулах , үлгэр жишээ болох зэргээр өөрчилж, хөгжүүлж байдаг. Энэ талаар нэрт сурган хүмүүжүүлэгчид нэг бус удаа дурьдсан байдаг. Гэхдээ багшийн бие хүний төлөвшил, ерөнхий хөгжлийн түвшин нь мэргэжлийн ур чадварыг өөртөө багтаасан байна. Ийм учир их, дээд сургуулийн багш, бие хүний хувьд оюутанд үлгэр дуурайлал болох ёстой. Багш - бие хүний ойлголтонд түүний биеэ авч явах байдал, харилцааны ур чадвар, зан төлөв, зан араншин, зориг хатуужил зэрэг бие хүний бүхий л шинжүүд багтана. Багш хүн ямар байх ёстой талаарх оюутны асуултанд хариулсан байдал, өгсөн үнэлгээнээс ажиглахад бие хүний шинжүүдийг илүү дурьдсан байна.

            Их дээд сургуулийн багш ямар байх ёстой талаарх асуултанд хэд хэдэн мэргэжлийн нийт 250 оюутан хамрагдан өгсөн хариултыг доорх хүснэгтээс харж болно.

 

Агуулга

Оюутны

тоо

Хувь

1.

Зохион байгуулах, манлайлах, хүмүүжүүлэх, дадлагажуулах, чиглүүлэх чадвартай, хөдөлмөрч, улс төрч, бусдад үлгэр дууриалал үзүүлэх, зөвлөгч, сэтгэлзүйч байх

220

88%

2.

Шударга , хүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай, хувийн ашиг сонирхлын үүднээс ялгаварлан гадуурхахгүй байх

171

68,4%

3.

Харилцааны соёлтой, үлгэр дууриалал болох, хэрцгий бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх энэ мэт авир гаргахгүй

85

34%

4.

Хариуцлагатай

80

32%

5.

Ухаалаг , тайван, хүлээцтэй

74

 

6.

Боловсролтой, мэргэжлийн ур чадвар бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй, сайн лектор байх

73

29,2%

7.

Сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг үзэлтэй, урамшуулах чадвартай

31

12,9%

8.

Хамт олонч, нийтэч

24

9,6%

9.

Эрүүл мэнд, эдийн засгийн хувьд бусдаас хараат бус

9

3,6%

10.

Гаргацтай бичдэг

3

1,2%

  

Оюутнууд их дээд сургуулийн багшийг дараах байдалтай байх ёсгүй гэж үзжээ. Үүнд :

  • Зожиг, зөрүүд, хувиа хичээгч, өөрийгөө хэт үнэлдэг, дарангуйлагч, туйлшрагч, хүнд сурталтай байх - 123 буюу 49,2%
  • Шударга бус, хүнлэг бус, бусдын нөлөөнд  ордог - 97 буюу 38%
  • Соёлгүй, бүдүүлэг, ёс суртахуунгүй, хувцаслалт, гадаад төрх, биеэ авч явах байдалд анхаарал тавихгүй байх - 75 буюу 30%
  • Боловсролгүй, туршлагагүй - 65 буюу 26%
  • Хариуцлагагүй, цаг барьдаггүй, залхуу, санаачлагагүй, улс төрийн идэвхигүй - 35 буюу 14%

Ер нь бие хүний хөгжил , төлөвшил, хүмүүжил, боловсролын талаархи онол, сургаал бүр багш , сурган хүмүүжүүлэгч нарт тодорхой шаардлага дэвшүүлэн тавьж ирсэн. Тухайлбал , технократ үзэл онол нь боловсролын зорилгыг дуулгавартай гүйцэтгэгч хүмүүсийг бэлтгэхэд оршино гэж үзээд, багшид шинжлэх ухаан, техник технологийн туршилтыг сургалтанд өргөн нэвтрүүлж , үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг ханган гүйцэтгэх хүмүүсийг бэлтгэх шаардлага тавьдаг. Хүмүүнлэг энэрэнгүй үзэл онолын үүднээс багшид тавигдах гол шаардлага нь шударга ёсыг баримтлах явдал юм.  Энэ үзэл, онолын үүднээс шударга ёсыг тогтоон мөрдөж чадвал боловсролын тогтолцоо хүмүүнлэг энэрэнгүй болж үр өгөөж нь дээшилнэ гэж үздэг. Конструктив үзэл онолын үүднээс суралцагчид мэдлэгээ бүтээхэд нь туслах, чиглүүлэх, энэ үйл ажиллагааг зохион байгуулагч байхыг багшаас шаарддаг. Ер нь боловсрол эзэмших гол арга болох сургах хүмүүжүүлэх үйл ажиллагаа бүр багшид харилцан адилгүй шаардлага тавьдаг.

            Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь тухайн улсын нийгэм эдийн засаг, соёл иргэншил, иргэдийн боловсрол, соёлын төвшингөөс шалтгаалан хамаарч эргэх холбоотой байдаг. Монгол оронд нүүдлийн болон суурин соёл иргэншлийг хослон , хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, эрх зүйт төр төлөвшүүлж , хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг ханган хэрэгжүүлэх чиг хандлага , мөн чөлөөт бүтээлч сэтгэлгээ, иргэний байр суурьтай, бүтээлч бие хүн төлөвшүүлэх хандлага нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа , түүний нэгэн субьект багшид тавих шаардлагыг шинэлэг байдлаар авч үзэх үндэслэл болж байна.

            Чөлөөт , бүтээлч, сэтгэлгээ, иргэний байр суурьтай, бүтээлч бие хүн төлөвшихийн нэг гол нөхцөл нь хувь хүний давтагдашгүй шинж чанараа хөгжүүлж төгөлдөржүүлэх хязгааргүй их хүсэл тэмүүлэл эрмэлзэл чадвартай болгох явдал юм. Иймээс ч  1998 онд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бага, дунд сургууль, коллеж, их, дээд сургуулийг суралцагчдад боловсрол эзэмшихэд үйлчлэх байгууллага хэмээн заасан нь аль ч шатны багш нарт тавигдах шаардлагад шинэлэг байдлаар хандах бас нэг үндэслэл болж байна.

            Орчин үед их, дээд сургуулийн багшид тавигдах шаардлагыг авч үзэхийн тулд уламжлалт хандлагыг санцгаая. Багш нь сурган хүмүүжүүлэх ур чадвар, эв дүйтэй, харилцааны соёлтой, судалгаа шинжилгээний ажлын арга барилтай байх учиртай гэж онолын хувьд үздэг байсан. Багш бэлтгэх ажилд энэ талаар тодорхой анхаарч сургалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхийг зорьж ирсэн. Гэвч багшлах нь бусдад тодорхой мэдлэг, чадвар олгох  үйл явц гэж үзэх нь давамгайлж байснаас багш бэлтгэх боловсролын бодолгын түвшинд дээрхи шаардлагыг хангасан багш бэлтгэхэд нөлөөлөх төл нь дутагдалтай байна.

            Практик дээр ч тухайн хичээлийг мэргэжлийг түвшинд эзэмшсэн хүнийг багш шэж үзэн ажиллуулах хандлага дээд боловсролын байгууллагад байсан бөгөөд одоо ч багшлуулсаар байна. Зөвхөн тухайн мэргэжилтнийг багшаар ажиллуулснаар алдаа дутагдал гаргах магадлал өндөр байдаг. Ийм багшид суралцагчдын хэрэгцээ, сонирхол, нас, бие, сэтгэцийн онцлогийг харгалзан тэдэнд хандах, тэдэнтэй харилцах, тухайн хичээлээ заах ур чадвар ихээхэн дутагддаг.

            Багш мэргэжил нь олон талтай өвөрмөц онцлогтой. Манай улсад " Багш" төсөл хэрэгжүүлж, багшлах боловсон хүчин бэлтгэх асуудлыг судалж тодорхойо санал боловсруулан дэвшүүлсэн байдаг. Энэ судалгааны хүрээнд багшийн ерөнхий дүр төрхийг:  

  • § Сэтгэц физиологийн
  • § Зан суртахууны
  • § Ерөнхий соёлын
  • § Сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварын
  • § Мэргэжлийн мэдлэг, боловсрол зэрэг талаас нь авч үзэн тодорхойлсон байдаг.

Түүнчлэн өрнөдийн зарим орнуудад багшид судлаач, зохион байгуулагч, мэдээлэл дамжуулагч, шинжээч, шүүгч, шүүмжлэгч, удирдагч, суралцагч, борлуулагч байх шаардлага тавьдаг байна.

            Дээр дурьдсан бүхнийг харьцуулан дүгнээд орчин үеийн багшид тавигдах шаардлагыг:

  • Харилцааны өндөр соёлтой
  • Зохицуулан , зохион байгуулах чадвартай / менежер /
  • Мэргэжлийн боловсрол өндөртэй
  • Сурган хүмүүжүүлэх соёлтой
  • Оношлон судлах болон эрдэм шинжилгээний ажлын арга барилтай байх гэж томъёолж болох юм.

Орчин үед суралцагчдад боловсрол эзэмшихэд үйлчлэх багш нь тэдэнтэй

 соёлтой харилцаж, үйлчлүүлэгчдийн / суралцагчдйн / хэрэгцээ, сонирхлыг ямагт харгалзан , ажил үйлчилгээгээ зөв зохион байгуулах нь амжилт олохын үндэс гэдэг нь ойлгомжтой. Үүнээс үндэслэн боловсролын үйлчилгээ үзүүлэгч багш гадаад төрх, хувцаслалт, биеэ авч явах байдлаа анхаардаг, эрдэм төгс, мэргэжлийн ур чадвар өндөртэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан, бие хүний хувьд төлөвшсөн, суралцагчид болон бусад хүмүүстэй харилцах эв дүй, соёлтой, хувь хүн, бүлэг хүмүүсийн боловсролын хэрэгцээг хангахад нөөцийг зөв зохицуулах чадвартай байх нь чухал юм.

            Багшийн үйл ажиллагаа нь тодорхой хэм хэмжээг баримтлахын зэрэгцээ ямагт бүтээлч байх учиртай. Багш өөрөө эрэл хайгуул хийж шинэлэг мэдээлэл, шинжлэх ухааны нээлт хүртэл хийхийг бүтээлч байна гэж үздэг. Багшийн үйл ажиллагаа бүтээлч байх нь түүний зан араншин, бие хүний шинжүүд , мэргэжлийн тусгай чадвар, сурган хүмүүжүүлэх соёл зэрэгтэй нягт холбоотой. Сурган хүмүүжүүлэх соёл төлөвших нь суралцагчдаа шинжиж оношлох, тэдний боловсрол эзэмших болон судалгаа шинжилгээний үйл ажиллагааг өндөр түвшинд төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах, дүн шинжилгээ хийх, суралцагчдын хамт олныг зохицуулан зохион байгуулах, боловсролын үйлчилгээ үзүүлэх болон мэргэжлийн үйл ажиллагаагаа хөтлөн удирдах технологи эзэмшихтэй холбоотой байдаг.

            Их, дээд сургуулийн багш нь судлаач шинжээч байх шаардлагатай. Багш мэргэжлийн болон боловсролын үйлчилгээний чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх арга барилтай байх нь нэн чухал бөгөөд үүнийг мэргэжлийн боловсролын үйлчилгээ үзүүлэх үед онцгой ач холбогдол өгч хэрэгжүүлэх учиртай юм. мэдээж тухайн мэргэжлээ (математик, эдийн засаг, социологи, хими, инженер технологи г.м) өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлага тэргүүн гарцаагүй тавигдана. Гэхдээ багшийн үйл ажиллагаа эрхэлж буй хүн тодорхой мэргэжилтний зэрэгцээ жинхэнэ багш байх шаардлага тэргүүн зэрэгт тавигддаг. Мэргэжлийн өндөр боловсролтой хэр нь түүнийгээ бусдад ойлгуулан зааж, үйлчлэх чадвар, бусдад нөлөөлөх, нөөцийг зөв зохицуулах чадвар сул багш нар байдаг. Гэтэл мэргэжлийн боловсрол өндөр биш ч, бусдад ойлгуулан зааж үйлчлэх нөлөөлөх чадвар сайн багш нар бий. Эдгээр багш нарын аль нь багш байх шаардлагад нийцэх вэ? гэдэг асуулт харьцангуй юм. МУИС-ийн оюутнуудаас авсан судалгаанаас үзэхэд багшийн йлгуулан заах ур чадвар илүү чухал гэж 47.7 хувь нь., мэргэжлийн өндөр боловсрол чухлыг 26.1 хувь, харилцааны соёл чухал гэж 20.9 хувь нь үзсэн байна. Их, дээд сургуулийн багш нь мэргэжлийн боловсрол өндөр байгаад зогсохгүй ойлгуулан зааж, үйлчлэх ур чадвар, харилцааны соёлтой байх нь чухал юм.

             Орчин үеийн багшид тавигдаж буй шаардлага хэрэгжих эсэх нь олон зүйлээс хамааралтай боловч багшийн ажлын үнэлгээтэй ихээхэн хамааралтай юм. Энэ утгаар авч үзвэл багшийн ажлыг түүнд тавигдаж буй шаардлага бүрийн дагуу тодорхой үзүүлэлтээр үнэлж болно. Ингэж үнэлэхдээ:

  • Суралцагчид
  • Хамт ажиллаж буй багш, ажилтан, удирдлага
  • Хөндлөнгийн хүмүүс гэсэн субъектыг /тусгай комисс, зөвлөл г.м/ оролцуулахын зэрэгцээ багш өөрөө өөртөө үнэлгээ өгөх эрхтэй байх нь чухал юм.

 

Их, дээд сургуулийн багшийн ажлыг үнэлэх үзүүлэлт

 

Харилцааны соёлын үзүүлэлт:

  • Суралцагчдын эрх, нэр төрийг хүндэтгэн зарчимч хандах чадвар
  • Шударга байх чадвар
  • Хүнтэй эв дүйгээ хялбар олох чадвар
  • Чиг баримжаагаа хурдан, зөв олох чадвар

Зохицуулан зохион байгуулах чадварын үзүүлэлт:

  • Суралцагчдын хэрэгцэ, сонирхол, дотоод сэтгэлийг гүнээ ойлгож зохицуулах чадвар
  • Суралцагчдын боловсролын хэрэгцээг харгалзан хувь хүний болон бүлэг, нийгмийн нөөцийг зөв зохицуулан зохион байгуулах чадвар

Мэргэжлийн боловсролын үзүүлэлт:

  • Мэргэжлийн сэтгэлгээний онол, арга зүй, түүний гүн гүнзгий байдал
  • Мэргэжлийн үйл ажиллагаандаа энэхүү арга зүйгээ ашиглах чадвар

Сурган хүмүүжүүлэх соёлын үзүүлэлт:

  • Сурган хүмүүжүүлэх үнэт зүйлсийг эзэмшсэн байдал
  • Сурган хүмүүжүүлэх ур чадвар
  • Бүтээлч чөлөөт идэвхи
  • Зааж үйлчлэх ур чадвар

Оношлон судлах чадварын үзүүлэлт:

  • Сурган хүмүүжүүлэх чиглэлээр судалгаа оношлогоо хийх чадвар
  • Мэргэжлийн чиглэлээр судалгаа хийх чадвар чухал юм.

 

Их, дээд сургуулийн багшийн үүрэг, хэв шинж

 

Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, зорилго нь бүхэлдээ өргөн хүрээг хамарсан иж бүрэн олон, талтай байдаг. Энэ нь зөвхөн сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, эсвэл мэргэжлийн боловсрол, багшийн ур чадвар, заах арга зэргээр хязгаарлагдахгүй, эдгээрийг бүгдийг агуулсан олон талт, төвөгтэй, нийлбэр цогц үйл ажиллагаа юм. Их, дээд сургуулийн багш нь оюутан боловсрол эзэмшихэд нь туслах дэмжих, удирдан зохион байгуулах, тэдний төлөвшилд нөлөөлөх, чиглүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх зэрэг үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эдгээр нь эн тэнцүү байр суурь эзлэх ёстой бол зарим багшийн хувьд аль нэг нь тэргүүлэх эсвэл дагалдах байдал ажиглагддаг. Энэ нь зарим багшийн хувьд чухал зүйл орхигдож, дагалдах төдий байна гэсэн дүгнэлтэнд хүргэдэг. Их, дээд сургуулийн багш бол эдгээр үүргийг эн тэнцүү байдлаар хослуулж ажиллах хэрэгтэй юм. Их, дээд сургуулийн багшийн хэв шинжийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

  • Сурган хүмүүжүүлэх чиглэл давамгайлсан ( нийт багшийн 2/5-ыг эзэлдэг)
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил давамгайлсан (нийт багшийн 1/5-ыг эзэлдэг)
  • Сурган хүмүүжүүлэх болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эзлэх хувь тэнцүү (нийт багшийн 2/5-ыг эзэлдэг).

Их, дээд сургуулийн багшийн дадлага, туршлага, өөрөөр хэлбэл нэр хүндтэй багш болох үе 15-20 жил үргэлжилдэг бол ерөнхий боловсролын сургуулийн багшийн хувьд 20-25 жил байна гэж зарим эрдэмтэд тэмдэглэжээ. Их, дээд сургуулийн багшийн хэв шинжийг мөн дараах байдлаар авч үзэх нь бий. Энэ нь:

      Сэтгэл хөдлөл-биетээр үзүүлэх хандлага нь давамгайлсан хэв шинжийн багш сургалтын явцад түшиглэн түүнийг боловсронгуй, сонирхолтой, үр дүнтэй болгох гэж хичээн өөрийн хүч чадал, эрч хүчийг зарцуулдаг.  Энэ хэв шинжийн багш сургалтын үр дүнг урьдчилан хардаггүй, төлөвлөгөө боловсруулж баримталдаггүй, зөн совин дээр тулгуурладаг, мэдрэмж өндөртэй, гэнэтийн төлөвлөгдөөгүй нөхцөл байдалд эмзэг агаад зөвхөн сонирхолтой зүйлсийг л сонгох магадлал өндөр байдаг нь хичээлийг сонирхолтой болгодог байж болох юм.  Гэвч гол асуудал орхигдсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэрээр ихэвчлэн гол асуудлаас хазайж , сонирхолтой зүйл ярих зэргээр хичээлийн цагийг үр дүн багатай өнгөрөөдөг ч оюутнуудын хувьд сэтгэлийн эерэг хөдөлгөөн нь сургалтын агуулгыг хүлээж авахад нөлөөлж болох юм. Багшийн үйл ажиллагаа өндөр мэдрэмжтэй, эмзэг, хөдөлгөөнтэй, уян хатан шинжтэй, түгшүүртэй байна. Зарим нэг оюутанд энэ хэв шинжийн багш таалагдаж эерэг ханддаг ч тэдний мэдлэг хоорондоо логик уялдаа , холбоо үгүй, хэсэг бусаг, хурдан мартагддаг, шаардлага хангахгүй , системтэй биш байна.

      Сэтгэл хөдлөл - аргазүй давамгайлсан хэв шинжийн багш жүжиглэх авъяастай, дүрд хөрвөх чадвар өндөртэй, хичээлийн төлөвлөгөө нь тодорхой , аргазүйн хувьд түүнийг баримталдаг , ач холбогдол багатай, илүүц зүйлд цаг зарцуулдаггүй. Тухайн хэв шинжийн багшийн үйл ажиллагаа оюутны сэтгэлгээний царыг тэлэхэд , сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, идэвхижүүлэхэд, түүнчлэн сургалтын гадаад талыг бус, дотоод, аргазүйн талыг анхаарахад чиглэгддэг.

      Тайлбарлан биетээр үзүүлэх хандлага давамгайлдаг багш нь ихэвчлэн өөртэйгээ ярих мэт хичээл заадаг. Тэрээр зарим үед  лекц орж  байна гэдгийг умартдаг бөгөөд өөрийн үзэл санааны үүднээс тайлбарлах, задлах, дүгнэлт хийх, таамаглал дэвшүүлэх зэргээр хичээлийн цагийг өнгөрөөдөг. Түүний хичээл нь бодол санааны лаборатори мэт зарим оюутанд сонирхолтой байдаг ба үг, хэллэг, ойлголт, агуулга хоорондоо холбоо уялдаа багатай, ойлгомжгүй , салангид бодол санаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Ийм хэв шинжийн багшийг оюун бодлын өндөрлөгөөс нь асуулт тавих зэргээр бодлыг нь таслан оюутнууд бодит байдалд эргүүлж оруулах нь бий.

      Аргазүйн хувьд тайлбарлах хандлагатай багш аливаа ажлыг төлөвлөгөөний дагуу , логик дэс дараатай хийж гүйцэтгэх боловч ийм багшийн хичээлийн конспект номны нэг хэсэг мэт , төвөгтэй, тогтсон загвар шинжтэй байна. Гэхдээ энэ нь сурлагаар хоцорч буй оюутанд дахин ном зохиолд дүн шинжилгээ хийхгүйгээр зөвхөн конспект уншиж шалгалтанд бэлтгэхэд хангалттай учир ажлыг нь хөнгөвчилдөг тал бий. Дээр дурьдсанаас илүү олон хэв шинжийн багш байх бөгөөд зарим тохиолдолд эдгээр хэв шинжүүдийн нийлбэр хэн нэгэнд байх нь бий.

      Захиран тушаах , захиргаадах шинж давамгайлсан сурган хүмүүжүүлэх ухааныг сургалтын үйл ажиллагааны явцад хамтран ажиллах хэлбэр халж буй өнөө үед их , дээд сургуулийн багш нь төслийн удирдагч, сургалтын найруулагч, сурган хүмүүжүүлэгч - менежер байх учиртай. Тэрээр оюутанд хамгийн бага хэмжээтэй сургалтын арга хэрэгслийн багцыг өгч байдаг учир нэг талаас сургалтын арга хэлбэр, нөгөө талаас багш - бие хүний шинж эн тэнцүү ач холбогдолтой юм.

      Оюутанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал их , дээд сургуулийн багшийн ажлын нэг чухал хэсэг юм. Учир нь багшийн нөлөөллөөс оюутны ажил, мэргэжлийн шинж чанар, ур чадвар, эзэмшиж буй тухайн мэргэжлийг хүндлэх эсэх, түүнчлэн ёс зүйн хэм хэмжээ, нийгэмд биеэ авч явах байдал, амьдралын идэвхи зэрэг шалтгаалдаг. Багш зөвхөн өөрийн лекц, семинарын агуулгаар бус, бие хүний болон шинжлэх ухаанч шинж, судлаачийн хувьд, биеэ авч явж буй байдал, хувцаслалт, дуу хоолой, дохио зангаа, харц, зуршил, дадал, хандлага зэргээрээ оюутанд нөлөөлж байдаг.

      Оюутны ширээнд сууж буй охид, залуучууд албан ёсоор насанд хүрсэн, тухайн орны иргэн байдаг боловч практик дээр ялангуяа бага ангийн оюутнууд дөнгөж арван жилийн сургуулийг төгсөж их, дээд сургуульд элссэн ч зарим тохиолдолд насанд хүрээгүй хүүхэд хэвээр байдаг. Иймд их дээд сургуулийн багшийн оюутныг хүмүүжүүлэх үүрэг багагүй байдагчлан сургууль өөрөө оюутны ёс зүйд нөлөөлөхүйц , олон төрлийн хүмүүжүүлэх ач холбогдол бүхий ажлыг зохион байгуулж байх шаардлагатай. Ингэснээр оюутан - багш - тэнхим - сургууль хооронд танхимын бус нягт холбоо, таатай уур амьсгал,  хамтран ажиллах хүсэл эрмэлзэл бий болох юм.

      Их дээд сургуулийн багш ямар сонирхол, хэрэгцээний үүднээс тухайн мэргэжлийг эзэмшиж сонгосон талаарх байдлыг илтгэдэг сонирхлын цөм нь юу вэ? гэдэг асуудлын үүднээс дараах ангиллыг хийдэг байна. Үүнд :

  • § Хувийн ашиг, материаллаг сонирхолд төвлөрөх, түүнд тулгуурлах
  • § Тухайн их, дээд сургуулийн удирдлагад хэрэгцээ сонирхол төвлөрөх
  • § Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сонирхол төвлөрөх
  • § Багшийн ажилд дур сонирхолтой учир түүнд төвлөрөх , тухайлбал өөрийгөө бусдад таниулах, мэргэжлийн ур чадвар, заах арга, арга барил зэргийг хэрхэн эзэмшсэнийг бусдад сурталчлах
  • § Оюутны эрх ашигт төвлөрөх

Эдгээр сонирхлын зарим нь давамгайлж, харин зарим нь дагалдах шинжтэй хийгээд нэг биш, хэд хэдэн ашиг сонирхол зэрэг байх нь бий.

Өнөө үеийн техник, технологийн хөгжил, шаардлагад нийцсэн сургалтын бодлого стратегийг боловсруулах хэрэгцээ зайлшгүй гарч байна. Их дээд сургуулийн багшийн үйл ажиллагаа бүтээлч шинжтэй, улам боловсронгуй болохын хэрээр оюутныг илүүц ачааллаас чөлөөлөх, суурь мэдлэгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, оюутны бие даах чадварыг хөгжүүлэх, үүний үр дүнд сургалтыг эрчимжүүлж, компьютер, технии, технологийг сургалтанд түлхүү ашиглах шаардлагатай байна.

            Дээд сургуулийн багш бол зөвхөн мэдлэгийг дамжуулагч сурган хүмүүжүүлэгч биш, зөвхөн судлаач эрдэмтэн биш харин оюутнуудын сэтгэл зүйг ойлгож мэдэрдэг, энэ насны бүлгийнхний онцлогийг мэддэг, өөрөөр хэлбэл мэргэшсэн, бодит ажиллагааны сэтгэл зүйч байх ёстой.  


   


© Copyright 2010. Мэдээллийн Технологийн Тєв, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль.