Сургалт

              Олон Улсын Дээд Боловсрол Судлалын төв нь 2004 оноос дээд боловсролын удирдлага, боловсрол судлал-менежмент, боловсрол судлал мэргэжлээр сургалт явуулж, магистрын сургалтаар 125, докторын сургалтаар 56 оюутан төгсгөж, 9 докторант боловсрол судлалын доктор(PhD)-ын зэрэг хамгаалжээ. 

БСШУЯ-ны Сайдын 2014 оны А-370 тоот тушаалаар магистр, докторын мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн баталсаны дагуу 3 мэргэжлээр тусгай зөвшөөрөл авч, 2015-2016 оны хичээлийн жилийн намрын улирлаас “Боловсрол судлал”, “Боловсролын удирдлага” мэргэжлээр судлаач болон мэргэжлийн магистрын, “Боловсрол судлал” мэргэжлээр докторын сургалт явуулж эхэллээ.

Өнөөгийн байдлаар 113 оюутан магистрын сургалтад, 70 оюутан докторын сургалтад суралцаж байна. 

2014 онд өөрийн хөрөнгөөр 40 сая төгрөгийн өртөг бүхий “Дээд боловсролын сургалтын технологи, инновацийн асуудал судлах лаборатори”-ийг байгуулж, багш, оюутнууд орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан орчинд судалгааны ажлаа хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Бүрэлдэхүүн сургууль, институтын Заах арга зүйн багтай хамтран багш нарын заах арга, ур чадвар, сургалтын технологийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт-семинар зохион байгуулж, ГУУС-д “Багшийн ёс зүй”, “Их сургуулийн сургалтын технологи”, МТС-д “Сургалтын технологи”, Дарханы Технологийн сургуульд “Сургах зүй”, Дарханы ХААИС-д “Сургалтын аргууд” сэдвээр эрдэмтэн багш нар хичээл зааж хамтран ажиллах эхлэлийг тавьсан юм.

ОУДБСТ нь 2012 оноос ШУТИС-ийн Дархан уул аймаг дахь Технологийн сургууль, 2013 оноос Хөвсгөл аймгийн Боловсролын соёлын газар, 2014 оноос Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулан, боловсрол судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.