Биеийн тамир спортын төв, Хоолзүй нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Биеийн тамир спортын төв, Хоолзүй нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

 Тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэх, бие бялдрын болоод сэтгэлзүйн хөгжлийг өндөр түвшинд хүргэхэд Спортын хоолзүйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг олон улсын туршлага харуулдаг. Иймээс спортын эрдэм шинжилгээ, судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, сургалтын орчныг боловсронгуй болгох, тамирчдын хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах, тамирчдад үйлчлэх хоолны газруудын чанар, үйлчилгээний хэлбэрийг дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, Монгол улсад Спортын хоолзүйн салбарыг хөгжүүлэх зорилгоор Биеийн тамир спортын хөгжлийн төвийн дарга МУГД, доктор Д.Жаргалсайхан, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ж.Энхтайван нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд спортын хоолзүйн судалгаа , эрдэм шинжилгээ өрнүүлэх, шинэ нэр төрлийн хоол хүнс, хоолны дэглэм зохион бүтээх, судалгаанд үндэслэн технологи дамжуулах, нэвтрүүлэх, инновацын загвар төсөл боловсруулах; хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн зан үйлийг судлах, төлөвшүүлэх, Улсын шигшээ багийн болон спортын холбоод, нийгэмлэгүүдийн дасгалжуулагч, тамирчдад дасгал сургуулилт, тэмцээн уралдааны үед зохистой хооллох болон хоолзүй, шим тэжээлийн тухай сургалт зохион байгуулах, 2016 оны Бразилийн олимпийн наадмын тамирчдын баазын хоолны үйлчилгээг зөв зохион байгуулахад хамтран ажиллах зэрэг өргөн хүрээний ажлуудыг тусгасан байна.
  

Comments